Надтай нийлүүлэх гэж байгаад өөрөө үерхчихсэн.

Манай гэр нүүсэнтэй холбоотойгоор би ахлах ангид орох жилдээ бага ангиасаа сурсан сургууль, дасаж дотноссон ангийн найзуудаасаа холдон, гэртэйгээ ойр сургууль руу шилжин сурахаар болсон юм. Өөр орчин, өөр хүүхдүүд, өөр багш нар гээд л бүгд шинэ мэдрэмж өгч байлаа.

Манай хуучин анги их цөөхөн хөвгүүдтэй байсан болоод ч тэр үү? энэ ангийн хөвгүүд үнэхээр олон санагдаж байсан. Намайг очоод удаагүй байхад багш суудал сольсон юм. Тэр л өдөр би хамгийн сайн эрэгтэй найз Г-тэй нэг ширээнд суусан.

Би их ичимхий хүүхэд байсан болохоор урд, хойно суудаг хүүхдүүдтэйгээ ч ганц хоёр үг сольдог байсан. Миний урд сайн найзууд бололтой хоёр охин суудаг байлаа. Э, Н их нийтэч дээрээс нь хичээлдээ ч сайн. Тодорхойлж хэлбэл багш нарын хайртай хүүхдүүд байсан.

Удалгүй би тэр хоёр охинтой найзууд болсон. Би хэн нэгнийг хүлээн авахдаа маш удаан тул бүр мөсөн итгэж дотно байдаггүй байсан ч, цаг хугацааны эрхэнд хагацаж салшгүй найзууд болсон байсан юм.

Хэзээнээс ч юм миний хажууд суудаг тэр хөвгүүн бид гуравтай байнга хамт байж, миний төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг бариад л, яг л кино дээр гардаг шиг байсан. Бид хоёр хамт суудаг хирнээ нээх их юм ярьдаггүй байлаа. Тэр надаас ч ичимхий хүүхэд байсан юм. Би ч хэгжүүн ааштай байсныг хэлэх үү? Бичсэн чатад нь ерөөсөө хариу өгдөггүй байсан. Хариулсан ч яриа нь явдаггүй байсан юм л даа.

Шинэ хичээлийн жил эхэлж би Н-тэй хамт суудаг боллоо. Хичээл тараад хамт бэлтгэлд яваад л… Би тэр найздаа үнэхээр хайртай байсан. Бид хоёр дотно болох хэрээр Э найзаасаа хөндийрч эхэлсэн юм.

Нэг л өдөр ангиар дүүрэн Г-г надад сайн гэх яриа явах болсон. Надад үнэхээр муухай санагдаж байсан. Хамгийн ядаргаатай нь Э надаас байнга түүний талаар асууж улам л дургүйг минь хүргэдэг байлаа. Яагаад ч юм мэдэхгүй. Би Г-д дургүй болсон байсан. Харин Э байнга нийлүүлэх гэж үзээд л… Бид гуравтай найзалдаг болсон цагаасаа л Г надад сайн байсан байж таарлаа. Ангийн зарим хөвгүүд холбоод намайг үнэхээр тухгүй болгодог байсан.

Дараа жилийн 9-р сарын 1-нд намайг очихоос өмнө Э, Н-тэй хамт суусан байлаа. Би ч нээх юм бодолгүй тэдний ард суусан. Тэгсэн чинь яасан гээч? Г миний хажууд суучихсан. Яг л анхных шигээ…

Би энэ жил арай ухаан суусан юм. Надад хайртай хүмүүсийг өөрөөсөө түлхэхгүй байхыг хичээдэг болсон. Г бид хоёр яг л өмнөх шиг ээ, магадгүй өмнөхөөсөө ч илүү сайн найзууд болсон.

Би математикийн хичээлдээ тааруухан учир Г-тэй хамт хичээл үймүүлээд дандаа багшид загнуулдаг байлаа. Загнуулсан ч гэмшдэггүй байсан. Угаасаа бодъё гээд чадах биш. Харин Э, Н хоёр хичээлээ хийдгээрээ л хийдэг байсан. Энэ үед би тэр хоёроос хөндийрсөн байсан юм.

Их дарамттай өдрүүд өнгөрсөөр л. Би өглөө хичээлдээ явах дургүй, өдөр ангидаа суух дургүй, хичээлийг хурдан тараасай л гэж боддог болсон. Жижиг зүйл дээр ч Э надтай тэрсэлдэж эхэлсэн. Өөрт нь хамааралгүй зүйл ярьж байсан ч өлгөж аваад муудалцах гээд л…

Ердөө ганцхан хүнээс болж миний амьдрал хэцүү санагддаг болсон. Бүр амиа хорлох талаар ч боддог байсан. Хэн нэгэн чамд гэнэт л дургүй болж, учир шалтгаангүй муухай хандаад байвал хэцүү биш гэж үү?

Би Э-тэй ярилцах гэж оролддог байсан. Яг яагаад надад хатуу хандаад байгаа юм бэ? гэж асуухад тэр юу гэсэн гээч? Найзынх нь сарын тэмдэг ирчихсэн болохоор сэтгэл санаа тогтворгүй чамд уураа гаргачихлаа, гэсэн. Үнэхээр хөгийн санагдаж байж билээ. Яагаад үнэнээ шууд хэлж болоогүй юм бол оо?

Хэсэг хугацааны дараа ангийн бүлэг охид надад дургүй болсон байлаа. Нэг охин бүр над руу шалтгаангүй муухай хардаг болсон байсан. Учир нь Э өөрөө эхэлж сэтгэлээ илчлээд Г-тэй үерхчихсэн байсан. Тэгээд намайг охидод тэр хоёрын голоор ордог гэж яриад л…

Би юу ч мэдээгүй. Надтай ярилцаагүй байж бусдад ярьсан түүнд үнэхээр урам хугарч, би түүнийг тэнд нь зүгээр л орхисон юм.

Одоо бид холбоотой байдаггүй ээ. Тэр хоёрыг үерхэж байгаа эсэхийг мэдэхгүй. Арван жилийн амьдралыг адал явдалтай болгож, олон мэдрэмж өгсөн тэр найздаа одоо бодох нь ээ талархмаар ч юм шиг. Сурагч насандаа эргээд нэг очиж болдог байсан бол энэ цаг хугацааг хамгийн их хайрлаж өнгөрөөх байлаа.

Сэтгэгдэл

  1. 10жилдээ = 7 ангиасаа хойш 1 залууд сайна болоод гэхдээ тэр хятдад сурдаг өвлийн амралтаарай монголд ирхээрэй ангидаа шргэлж ирдэг блаа…тэгсэн дотны найздаа хэлээд хэсэг хугацааны дараа буюу сургууль дээр ангийхантайгаа шинэ жилээ тэмдэглэж бхд найз маань дуудаад бид2 орой шөнө жингөө msj бичсэн 2 удаа уулзсан гхд нууцаар жаахан уйлж байгаад ангируугаа орход бүх зүйл айрмаар удаашраад юм идэх гэхээр бүр орохгүй ядаж бхд бүгд намайг халамжлаад лл бүр уйлах гэж байснаа больж интэр лолл гэхдээ.Гэхдээ тэр найзтайгаа холбоотой бдг өмнөх шигээ бол биш ….сониноос би ЗГ тэтгэлэгтэй Бээжингийн Их сургуульд сурдаг анхны жилээ буюу 7 сард монгол руу буцах даа тэр хүнтэй хамт 1 унталгын авто бусанд явсан байдгий лолл тухайн үeд тэр хүнтэй таарах юм шиг мэдрэмж төрж бсн кэкэ (биe2 нээ мэддэг)…

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button